Мэндчилгээ

 

Даргын мэндчилгээ

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын цахим хуудсанд зочилж байгаа эрхэм хүндэт та бүхэнд байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Нийслэл Улаанбаатар хотод маань 400 мянга гаруй айл өрх амьдарч байгаагаас  60-аад хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх гэр хороололд амьдарч байна. Мөн гэр хорооллоо дагаад агаар, хөрсний бохирдол өдрөөс өдөрт нэмэгдэж, оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах үндсэн эрх зөрчигдөж байгаа нь Улаанбаатарчууд бидний өмнө тулгамдсан асуудал болоод байна.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг нийгэм, эдийн засаг, экологи, соёл боловсролын тогтвортой хөгжлийг хангасан сууршлын бүс болгон хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын гэр хорооллыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, төлөвлөгөөний дагуу нийслэлийн гэр хорооллын бүсийг төвийн, дундын, захын 3 бүсэд бүсчлэн хөгжүүлэх, төвийн бүсийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн зохион байгуулах, амины сууц болон өндөр давхрын орон сууцны хорооллын инженерийн хангамжийг шийдвэрлэх, дундын болон захын бүсийн айл өрхийг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах зэргээр бүсчлэл тус бүрд тохирсон төсөл хөтөлбөрийг иргэдийн оролцоотой хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн иргэд та бүхний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг эдлүүлж, цэвэр цэнгэг агаартай, дэд бүтэц хөгжсөн сайхан хотод амьдруулахын төлөө манай байгууллагын нийт ажилтан албан хаагчид хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг