Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас Сонгинохайрхан дүүргийн 7 иргэн, Чингэлтэй дүүргийн 3 иргэн, Сүхбаатар дүүргийн 2 иргэнд орон сууцны түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардуулан өглөө.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан” нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30% төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн залуу гэр бүлийг орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байгаа юм.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журмаар дараах материалуудыг бүрдүүлнэ.

Тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй, арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.