Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг танилцууллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013, 2014, 2018 онд гарсан тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус сонгосон 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг. Дээрх аж ахуй нэгжүүдээс төсөл хэрэгжүүлэх талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй улмаас 2016 онд зургаа, 2018 онд долоон төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж дөрвөн хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж дахин 11 хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлаад байна. 2018 оны 10-р сарын байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10278 айлын орон сууцны барилга эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 280 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж төсөл хэрэгжүүлэгч компаниуд мэдэгдсэн.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны тав дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаар тушаалаар “Орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсэг хөтөлбөрийн болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг эхний хувилбараар боловсруулж, наймдугаар сарын 24-ний өдөр тус яамны цахим хуудсанд байршуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад яамны наймдугаар сарын 27-ны өдрийн 01/332 тоот албан бичгийг хүргүүлж, нийт 20 байгууллагаас санал авсан. Харин “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгасан. Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улын “Эксим” банкаар дамжуулан олгох 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Түрээсийн орон сууц”-ны сангийн нэмэгдүүлэлтэд зориулахаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Эксим банкны ажлын хэсэгтэй энэ оны гуравдугаар сараас хамтран ажилласан бөгөөд төслийн бүх байршлуудаар дагуулан явж газартай нь танилцуулсан. Уулзалтын үеэр Буянт-Ухаа 2, Буянт-Ухаа 3, Эко яармаг-1 төслүүд зэрэг 8900 гаруй айлын сургууль, цэцэрлэгтэй орон сууцны цогцолбор төслүүдийг танилцуулсан бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна” хэмээн ярьлаа.