Нийслэлийн Хангарди ордонд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн захирал, төлөөлөл оролцсон уулзалт боллоо.

Уулзалтанд нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, НГХДБГ–ын дарга Ч.Батбилэг, Монгол улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал н.Мягмаржав оролцов.

Уулзалтын үеэр нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.

Өнөөдөр бид нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд явж байна. НИТХ–ын 5 удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 16,317 нэгж талбар бүхий 1516,6 га талбайг хамарсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн хүрээнд нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89968 айлын 961 орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн. Тус орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41,5 хувь нь орон сууцанд орох боломжтой.