Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23,9 хувь буюу 2317 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой, орон сууцны хороололтой залгаа оршдог. 

        Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийтдээ 78,000 гаруй айлын орон сууцны барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн боловч үүнээс одоогийн байдлаар 5253 айлын орон сууц ашиглалтанд орж хүрэх үр дүн 7 орчим хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлсэн болон хийж байгаа 4889 айлын орон сууц байна. 
      Дээрх барилга угсралтын ажил болон инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд төслийн хэмжээнд нийт 1473 нэгж талбарыг чөлөөлсөн. Үүнээс 957 нь орон сууцандаа орсон. 24 нэгж талбарыг шууд худалдаж авсан. 492 нэгж талбар түрээсэнд байна. 
      Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 24 байршилаас эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний 80-аас дээш хувийн хангамжтай 12 байршлыг сонгон нээлтэй дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх цаашдаа нийт 24 байршлыг 112 хэсэгчилсэн талбайд хувааж нэг байршилд олон аж аухйн нэгжүүдийг зэрэг оруулах замаар орон сууцны барилга угсралтыг хурдтай гүйцэтгэх боломжийг бий болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна.
        Компаниуд өөрийн хүчин чадал, санхүүгийн боломждоо нийцсэн зай талбайдаа дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлснээр нэг компани нэг байршилд МОНОПОЛЬ байдал үүсгэн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, иргэдийг хохироодог асуудлыг гаргахгүй байх боломжтой юм.Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 24 байршилд Зөв шийдэлтэй дахин төлөвлөлтийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх, нэг байршилд олон аж аухйн нэгжүүдийг зэрэг оруулах замаар орон сууцны барилга угсралтыг хурдтай гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.