Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр” төслийг иргэдэд танилцуулах ээлжит уулзалтыг өчигдөр буюу 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.

Тус уулзалтанд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаатар болон бусад албаны хүмүүс,  Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэд оролцлоо.



Уулзалтын үеэр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам "Өнөөдөр гэр хорооллын иргэдэд хамгийн их тулгамдсан асуудал бол агаар, хөрсний бохирдол. Үүнээс  гарах хамгийн эхний алхам нь "Дэд бүтцийн төв" буюу Сервис центр төсөл юм. Өөрөөр хэлбэл орон сууцны бичил хороолол гэж ойлгож болно. Энэ нь өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал юм. Тус төсөл  хэрэгжсэнээр хамгийн гол нь гэр хорооллын агаар, хөрсний бохирдол буурч, иргэд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаатар “Өнөөдөр энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын агаар, хөрсний тодорхой хэмжээнд буурч, Дэд бүтцийн төвийг дагасан тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдэх юм. Мөн иргэд маань өөрсдийн эзэмшлийн газартаа дэд бүтцэд холбогдсон хувийн орон сууц цаашлаад хаустай болох боломжтой болох юм байна. Тиймээс иргэд хоорондоо сайн зөвшилцөж зөв ажлыг дэмжээд явах нь зүйтэй” хэмээлээ.

Сервис Центр төслийн хүрээнд 200 өрх нийлж бүлэг байгуулан хоорондоо тохиролцож, хоёр айлын газрыг чөлөөлж өгснөөр Нийслэл гурван давхар инженерийн "Дэд бүтцийн төв" бүхий байгууламжийг тухайн чөлөөлж өгсөн газарт нь барих юм. Тухайн Дэд бүтцийн төв нь гэр хорооллын иргэдийг халуун, хүйтэн усаар хангаж, бохирын шугамтай холбогдож, орон сууцанд амьдардаг иргэдтэй ижил нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэд тус ажлыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин, иргэдийн бүлэг байгуулан газар чөлөөлөх ажил дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн иргэдийн зүгээс санал, хүсэлтээ илэрхийлэн сонирхсон асуултандаа хариулт авч байлаа.

Сервис центр төслийг иргэдэд танилцуулах уулзалтууд төвийн зургаан дүүргийн хороодуудаар үргэлжлэн зохион байгуулагдах юм байна.