Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газрын  дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороон дээр хэрэгжиж буй дэд бүтцийн төвийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай юм. Энэ төв нь 200-300 айл өрхийн дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Иргэдтэйгээ хамтарч амьдрах орчныг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах тал дээр иргэд төрийн байгууллага хамтарснаар ямар үр дүнд хүрч болох вэ, гэр хорооллыг амины орон сууц болгох боломжтой гэдгийг уг төсөл харуулж байна. Энэ онд Чингэлтэй дүүргийн долоо дугаар хороонд жишиг төслийг эхлүүлээд дуусах шатандаа ороод явж байна. Иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаж, өөрсдөө бүлгийн зохион байгуулалттай болж нэгдсэний үр дүнд энэ ажил хийгдэж байгаагаараа онцлогтой. Агаар хөрсний бохирдлыг арилгах иргэдээ ая тухтай амьдруулах гарц бол иргэдээ орон сууцаар хангахын зэрэгцээ дэд бүтцийн асуудлыг нь шийдээд өгчихвөл иргэд заавал орон сууцанд орно гэж зүтгэхгүй. Өөрийн эзэмшлийн газартаа дэд бүтцээ татуулаад орон байраа өргөжүүлээд амьдрах бүрэн боломжтой учраас үүнийг гэр хороололд хувьсгал авчрах төсөл хэмээн харж байна. Ажлын  гүйцэтгэлд нь сэтгэл хангалуун байна. Иргэд мөн идэвхтэй оролцож, ажилд дэмжлэг үзүүлж байна. Энэ төвд холбогдох 218 өрх айл байгаагаас 150 гаруй өрх айл бэлтгэлээ хангаж, суултуур болон ваннаа авсан байна. Мөн “Дэлхийн банк”-тай хамтраад дулаалгын төсөл хэрэгжүүлээд явж байна. Дулаалгын өртгөөс хамааран “Дэлхийн банк 70 хувийг, иргэд 30 хувийг гаргахад өөрийн сууцаа дулаалж дулаан алдагдлаа бүрэн зохицуулах боломжтой” хэмээлээ.