Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 18 илтгэл тавигдав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдрийн тавьсан илтгэлүүдээс аваад ажил хэрэг болгох санаа маш их байна. Улаанбаатар хот хязгаарлалтын дэглэмээ маш сайн барих шаардлагатай. Дэлхийн ихэнх хот хязгаарлалтын дэглэмээ барьснаар агаарын бохирдлоо шийдсэн туршлага бий. Гаргасан шийдвэрийнхээ дагуу энэ дэглэмээ маш сайн барина. Агаарын бохирдлын талаар хотын зүгээс олон ажил хийж байна. Цаашдаа шийдэх нэг чухал асуудал бол гэр хорооллын жорлонгийн асуудал. Үүнээс болж хөрс маш ихээр бохирдож байна. Дахин төлөвлөлтөөр чөлөөлсөн газрыг доод тал нь дөрвөн метр ухаж байж хөрс цэвэршиж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй ч бид шийдэх ёстой. Энд тавигдсан илтгэл, төсөл хөтөлбөрүүдээ нийслэлийн удирдлагуудад ирүүлээрэй. Бид дэмжих боломжтой, санхүүжүүлэх хөтөлбөрүүдээ авч хэлэлцээд эргээд холбогдож, хамтран ажиллах бололцоотой” гэсэн юм.