Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арьс ширний ажилчдын 80 айлын 10, 12 дугаар байрны оршин суугчид шинэ байрны түлхүүрээ гардаж авлаа.

Тус 80 айлын орон сууц нь 20 айлын 4 зэрэгцээ байр бөгөөд 2015 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн дүгнэлт болон 2017 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч, ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон байр юм.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,5 дахь хэсэг, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйл, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар зүйлийн 20-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, барилгажуулах тухай” А/465 дугаар захирамжийн дагуу тус байрны эхний 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууцны шинэ байр болон гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр Нью Биг фиш констракшин ХХК шалгарсан.

Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Нью Биг Фиш Констракшн” ХХК нь “Лийд Партнерс” ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу иргэний зориулалттай 1059,34м2 газарт 2 давхар, зоорьгүй 40 айлын орон сууцны барилгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус барилга нь тэнхлэгээрээ 41,8мx16м хэмжээ бүхий даацын тоосгон ханатай, угсармал хучилттай зоорьгүй 2 давхар 5486,24м2 эзэлхүүнтэй, 864,16м2 барилгын ашигтай талбайтай.

Тус 40 айлын шинэ орон сууцанд 10 дугаар байранд амьдарч байсан 20 айл болон зэргэлдээ 12 дугаар байрны 20 айлыг үнэ төлбөргүйгээр орж байгаа юм. Хуучин буулгасан байрны 1 өрөөний хэмжээ 16м2, халуун хүйтэн усгүй байсан бол шинээр 22,24 м2 болгон томруулан, халуун хүйтэн усанд холбож, амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байна.