Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая иргэдийн 40 орчим хувь нь тохилог орон сууцад тав тухтай амьдарч байгаа бол үлдсэн хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна.

       Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, авто замын хүрэлцээгүй байдал, захын бүс  буюу гэр хорооолол дахь гэмт хэргийн гаралт зэрэг зүйлс бий болж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчин, сурч боловсрох боломжийг хязгаарлан, нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагавар урган гарч байна.
 
     Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28,8 хувь буюу 2794 га талбайг хамарч байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хүрэлцээ, хүчин чадалтай холбоотойгоор гэр хорооллыг хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах оновчтой шийдлийг төлөвлөөгүй ба гэр хорооллын айл өрхүүд, хороо, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүд халаалтын асуудлаа нам даралтын уурын зуух буюу түүхий нүүрсний хэрэглээгээр шийдэж байна.
 
       Бид бүхний хувьд дундын бүсийн гэр хорооллыг хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах шийдлийг ДЭД БҮТЦИЙН ТӨВ гэж үзэж байна. Олон улсад ч ийм шийдлээр инженерийн дэд бүтцийг хангаж байгаа туршлага бий.
 
     Дэд бүтцийн төв нь дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэргийг нэг дор цогцоор нь шийдвэрлэсэн байх юм. Дэд бүтцийн төвд ашиглахаар төлөвлөж буй инженерийн шугам сүлжээний техникийн шийдлүүдэд байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийг ашиглана.  
 
      Дэд бүтцийн төвийг гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулахаар ажиллаж байна. Иргэдийн хүсэл, санал санаачлагд тулгуурлан хэсэгчилсэн инженерийн хангамжтай ДЭД БҮТЦИЙН ТӨВИЙГ барьж байгуулна.