Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад гэр хорооллын төвийн бүсийг инженерийн дэд бүтцэд холбогдсон өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.     
Ийнхүү хэрэгжүүлэхдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг иргэд, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг гол болгож буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”-тай уялдуулан хэрэгжүүлэхээр зорьж буй юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 тоот тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сард Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийг мөрдөж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбай байршлыг сонгохдоо иргэдийн санал, хүсэлт, төсөл хэрэгжих техникийн нөхцөл, төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоо зэргийг харгалзан сонгодог. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 тоот тогтоолууд, 2014 оны 19/23 тоот тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт 24 байршил батлагдсан.
Батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт 1506,1 га талбай, 16109 нэгж талбарыг  хамарч  байгаа бөгөөд энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн нэг гол онцлог нь иргэд одоо амьдарч буй газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөн бүтээн байгуулалт хийх явдал юм. Газар чөлөөлөхдөө тухайн газарт амьдарч байсан иргэдийг шинэ орон сууц ашиглалтанд орох хүртэл хугацаанд түрээсийн байранд түр шилжүүлэн суулгаж газрыг чөлөөлөх ба өөр нэг хувилбар нь газар, үл хөдлөх эд хөрөнгөө төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохирч худалдах байдлаар газрыг чөлөөлдөг.
2015 онд орон сууцны барилга, бүтээн байгуулалт, нийгмийн дэд бүтцийн болон инженерийн дэд бүтэц, автозамын барилга угсралтын ажилд зориулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 34 компаниас 24 төсөл хэрэгжүүлэгч нийт 1427 нэгж талбарын 88,51 га газрыг чөлөөлөөд байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй байршил дээрх нэг нэгж талбарын газрын дундаж хэмжээ нь 401,3 м2 байна. Төсөл хэрэгжүүлэгчид газрыг чөлөөлөхдөө иргэдтэй байгуулсан төслийн хоёр болон гурван талт гэрээг үндэслэл болгодог. Иргэн, төсөл хэрэгжүүлэгч харилцан тохиролцож газрыг чөлөөлөхдөө орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд амьдрах түрээсийн байрны төлбөрт дунджаар 450.0мянган төгрөгийн нөхөн олговор олгож байгаа бөгөөд дундажаар орон сууцны 1м2-ын үнэ 1,722,494 төгрөгөөр тооцсон  55,08 м2 талбай бүхий орон сууцаар тохиролцож газрыг чөлөөлж байна.   
Дээр дурдсанчлан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь иргэд, төр, хувийн хэвшлийн гурвалсан хамтын ажиллагааны нэгдэл бөгөөд төрийн байгууллага нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сонгосон талбайд хийгдэх инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 14 байршлын инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажил хийгдсэн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нийт 1506,1 га талбайд хэрэгжүүлэх ба одоогийн байдлаар 34 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Дээрх төсөл хэрэгжүүлэгч 34 аж ахуйн нэгж нь төсөлд шалгарсан цаг хугацаа төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайгаас 25 хэсэгчилсэн талбайд огт төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй, 22 хэсэгчилсэн талбайд 13 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан боловч огт ажил хийгдээгүй, 28 хэсэгчилсэн талбайд 28 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. 2010 он оноос 2016 онд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа ба үүнээс 3516 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.
Үүнд 2014 онд нийт 588 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууц, 2016 онд 638 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан байна.